Үндсэн агуулга руу шилжих
← Түүхүүд рүү буцахЭмчлүүлэгчийн түүх

Хавдартай хийсэн миний аялал

Т. · 37 настай · 3 хүүхдийн ээж

Хавдрын эмчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгч
“Та өвдсөн бол битгий айгаарай. Бүгд болоод өнгөрнө, бас сайхнаар дуусах болно гэдэгт итгээрэй.”

Сайн байна уу. Би та бүхэнд хавдартай хийсэн өөрийн аяллын түүхийг хуваалцах гэсэн юм. Хамгийн эхэнд хэлэхэд, та өвдсөн бол битгий айгаарай. Мөн өөрийгөө хохирогч болгож, эргэн тойрны хүмүүсээ зовоох хэрэггүй. Бүгд болоод өнгөрнө, бас сайхнаар дуусах болно гэдэгт итгээрэй.

Намайг Т. гэдэг. Би 37 настай, 3 хүүхдийн ээж. Анх 3 сард мухар олгой шиг шинж тэмдэг илэрч эмнэлэгт очсон боловч 22×14 см хэмжээтэй хавдар байна гэсэн мэдээг дөрвөн цаг үргэлжилсэн шинжилгээний дараа олж мэдсэн юм. Анх сонсоод гайхаагүй. Хэтэрхий олон цагаар ажилладаг, хэвийн жинтэй биш, ээж маань хавдраар өвдөж байсан болохоор надад яг үнэндээ нохойны нэр шиг л сонсогдсон. Нэг үгээр хэлэхэд байж болох хувилбар мэт санагдсан.

Ингээд Монголын улсын эмнэлэгт хагалгаанд орлоо. Эхэндээ хоргүй гэж байсан хавдар маань эдийн шинжилгээгээр хортой гарах мөчид нөхөр, дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад маань, би өөрөө ч маш их айж сандарсан.

Хавдар судлалын эмнэлэгт хяналтад орохоор ирэхэд хамгийн муу мэдээ намайг хүлээж байв. Дахиад хавдар үлдсэн байна гэв. Хагалгаанд ороод 20 хонож байсан би энэ үгийг сонсоод хүлээн авч чадсангүй. Тэгээд долоо хоног бүр MRI, PET ээлжлэн хийлгэж, долоо хоногийн эхний өдөр бүр муу хариу сонсохоор эмнэлэг рүү ажилдаа явж байгаа юм шиг явдаг байв. Хариу бүр дээр шинэ голомтууд нэмэгдэж, аль нь хавдар, аль нь биш гэдгийг мэдэх гэж хавдартай холбоотой улсын болон хувийн эмнэлгүүдээр явж байдгаа барав.

Хавдар судлалын эмнэлэгт хагалгаанд орох хугацаа болсон тул юу ч ойлгохгүй дахин хагалгаанд орохоор боллоо. Хагалгааны эмч маань гэдэс тайрна, гадагшаа уут гаргана, олон эд эрхтэн авах талаар ярив. Баталгаатай биш ч өмнөх хагалгаа чанаргүй хийгдэж, хавдрын эс биеэр тархсан гэж ойлгосон. Арай гэж өмнөх оёдлоо эдгээж байсан надад дахин хагалгааны зүсэлт хийлгэнэ гэдэг, бас ийм залуу хэрнээ гаднаа ууттай амьдарна гэдэг үнэхээр зөвшөөрөхөд хэцүү санагдсан. Эмнэлэг муу байсандаа биш, миний хавдар маш ховор тохиолдол байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Тэгтэл хэд хоногийн өмнө Турк улсын эмнэлэг судлуулахаар уулзаж байсан хөөрхөн ааштай, сайхан охин маань холбоо барив. Туркийн Koç эмнэлгээс хариу болон үнийн санал ирсэн байлаа. Маргааш хагалгаанд орно гээд Хавдар судлалын эмнэлэгт хэвтэж байсан би маргааш өглөө нь эмчээсээ уучлалт гуйгаад гүйгээд гарч ирсэн.

Туркт очоод эмнэлэгт хэвтэх хүртлээ хямдхан хэрнээ тохилог буудалд бууж, эргэн тойронтойгоо танилцаад хагалгаандаа оров. Турк хоол мах ихтэй, хямдхан, цаг агаар нь ч сайхан. Хамгийн таалагдсан зүйл нь онгоцны буудлаас болон хаанаас ч байсан эмнэлгийн тохилог машин ирж аваад буцаан хүргэж өгдөг байв.

Эмнэлэг үнэхээр гайхалтай. Нөхөртэйгөө хамт өөр хүнгүй тохилог өрөөнд байрласан. Өдрийн гурван хоолтой, хоол нь сахиур болон өвчтөнд тусдаа, маш сайн байлаа.

Ингээд хагалгаандаа оров. Надад дурангийн хагалгаа хийсэн төдийгүй гадагшаа уут гаргаагүй байв. Зөвхөн хавдруудыг авч, бүх эд эрхтэн маань үлдсэнд баярлаад ханашгүй. Өглөө бүр эмч үзнэ. Бүх зүйл эмч нарын зөвлөгөөнөөр шийдэгдэнэ.

Гайхалтай цагийг өнгөрөөсөн эмч, эмнэлэгтээ, бас хамгийн ихээр учраа олохгүй айдасдаа хөтлөгдөн гүйж явсан надад тусалсан Гүлжан чамдаа маш их баярлаж явдгаа хэлье. Чи минь энэ хорвоогийн хамгийн гайхалтай нэгэн гэрэл шүү.

Одоо Монголдоо ирээд үр хүүхэд, гэр бүлтэйгээ сайхан амьдарч байна. Эцэст нь хэлэхэд, хортой хавдар аймар ч гэсэн эмнэлэг, эмчилгээ маш сайн хөгжиж байгаа. Итгэл найдвараа хэзээ ч битгий гээгээрэй. 😊🤗